Пүрэв, 25. 2009 Могой сарын
За сүүлийн үед ном бүр л электрон PDF хэлбэрээр олдох боломжтой болжээ. Миний EBOOKS лавлах л гэхэд 95 000 орчим болсон байх юм. Эдгээрийг зөөврийн компьютер дээрээс уншиж барна ч гэж юу байхав хааяа нэг хэрэг болохоор л ганц нэг шүүрдэж хардаг. Мөн компьютер дээрээс уншихад тух нэлээн муутай нүдэнд ядаргаатай байдаг. Гэтэл сүүлийн үед ebook reader гээч зүйл нэлээн өргөн дэлгэрч байна. Эдгээр нь замд авч явахад амар хөнгөн, мэдрүүлт дэлгэцийн тусламжтай бичиж тэмдэглэх боломжтой (үнэ нь нэлээн нэмэгдэнэ), дуу болон дүр үзүүлэх чадвартай, WLAN холбогдох боломжтой гээд үнэхээр чадахгүй зүйл алга. Мөн баттерей нь ерөнхийдөө хэрэглээнээсээ хамааран 2-с дээш өдөр эсвэл 1500 хуудаснаас дээш уншилт хийтэл барих тул үнэхээр хангалттай юм. Liberto гээд нарны гэрлээр ажилладагийг ч л хийчихсэн байна лээ. Хөгжүүлэгчид мөн уншихад нүдэнд хялбар, нэлээн дэлгэмэл өнцгөөс гялбахгүй харагдах боломж зэргийг анхааран дэлгэцэнд өндөр анхаарал хандуулан хөгжүүлжээ. (усан ч юмуу нано ч юмуу бөмбөлөгөөр бүрсэн байдаг дуулдана.)
Энэ төхөөрөмж одоохондоо харин үнэ нэлээн өндөртэй л байна. Гэхдээ удахгүй буурах биз. Та ийш тийш явахдаа 2 зузаахан ном аваад явахад л ямар хүнд ядаргаатай байдаг билээ. Харин одоо ном биш хэдэн мянган номтой номын сан авч явж чадна гэсэн үг.
За нэлээн хэдэн моделууд хайж үзсэнээс энгийн ном шиг А5 (15,5 x 21,6 см) хэмжээтэй, засвар хийх боломжтой тул iRex iLiad Book Edition.ER820-XW-GR, Amazon Kindle DX хоёр нэлээн таалагдлаа. Цааш гэхдээ нэлээн хайж байж авнаа.
Sony PRS загварууд, Bookeen Cybook Gen3, BeBook зэрэг 300Euro орчим үнийн ангилалын загварууд 6" жижиг дэлгэцүүдтэй тул iPod, iPhone, Android зэргээс нэг их сүртэй ялгаатай санагдсангүй. Харин Digital Reader 1000S 10.2" сайхан том дэлгэцтэй боловч үнэ нь арай дэндүү өндөр байв.
Plastic Logic бас нэг айхтар зүйл танилцуулаад байгааг дараах видеогоос үзнэ үү. Даанч 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Мягмар, 23. 2009 Могой сарын
Анх VS-2003 Architect дээр бичигдсэн, жилийн өмнө VS-2005 дээр шилжүүлэгдэн ажиллаж байсан програмыг VS-2008 руу шилжүүлтэл өгөгдлийн заагчийг нааш цааш (forward, backward) гүйлгэдэг функцүүд ажиллахгүй болчихов. Шинжээч (debugger) ямарч алдаа өгөхгүй, өвөрмөц боловсруулагчид (exception handler) ямар ч зүйл мэдэгдэхгүй байсан тул эх кодыг дэмий шахуу маш удаан ширтэж байж дараах асуудал байсныг олж асуудлыг арилгав.
Өгөгдөл ба хэрэглэгчийн гадаргуун холболтыг BindingManagerBase ашиглаж хийсэн байв. Түүнд контролуудын холболт нэмэхдээ тухайн контролын DataBindings.Add методыг хэрэглэдэг. Жишээ нь DateTimePicker1 функцын хувьд
Me.DateTimePicker1.DataBindings.Add(New Binding("Value", Me.dsPerson, "expert_person.birthday")) 'failed
Дээр бичигдсэн мөрийг дараах байдлаар нэг параметер нэмж асуудлыг арилгав.
Me.DateTimePicker1.DataBindings.Add(New Binding("Value", Me.dsPerson, "expert_person.birthday", true)) 'works
Уг нь програм улам сайжран хөгждөг байтал Visual Studio-гийн чанар лав муудаад байх юм. Шинэ боломж нэмэгдэж, томорч мундаг болж байгааг би хэлээгүй. Тухайн хөгжүүлэгч хэрэгслийн кодын чанар муудаад байх шиг санагдав. Уг нь дээрх тохиолдолд ямар (тухайн фунцэд форматлах эсэхийг заагч сайн дурын параметер нэмэгдсэн бололтой юм) нэг сануулга Visual Studio Debugger өгөх ёстой. Эс бөгөөс программист хүн ийм алдааг олно гэдэг үнэхээр цаг идсэн далайд зүү эрхтэй адил асуудал.
Мөн MSSQL Server 2008 Server Management Studio дээр хүснэгтийн дизайн өөрчлөх үед нэг маш сонин утгатай алдаа (тухайн хүснэгтийг устган дахин шинээр үүсгэхэд эрх тань хүрэхгүй байна гэсэн утгатай) алдаа өгч байсан нь серверийн хэрэглэгчийн эрх болон өгөгдлийн сангийн эрхэд асуудал байгаа мэт ойлгогдох нь ямар ч программист хүнд илэрхий. Гэтэл Server Management Studio дээрх тохиргооны асуудал байсныг олох гэж бас хөөрхөн хэдэн минут алдчихав.
Майкрософтод овоо гайгүй програмистууд ажилладаг гэж боддог байсан чинь сүүлийн үед оюутнууд голдуу ажиллуулдаг болсон юм байх даа гэмээр алдаанууд харагдаад байх чинь юу вэ?
Лхагва, 10. 2009 Могой сарын
За байз Middleware гэсэн үгийг (ухагдахуун) програмчлал эхлэн үзэж байгаа залууст хамгийн ойлгомжтой байхаар яаж авбал зүгээр вэ? Уг нь хэвээр нь миддлваре гээд заншвал програмистууд илүү ойлгоод амар байх. Даанч миддлваре гэсэн энэ бичлэг монгол хэлэнд тохирохгүй бас нүдэнд үнэхээр дасахгүй байна.
Бид software-г Програм хангамж
Hardware-г Техник хангамж
гэж заншсан. Тэгвэл Middleware-ийг Нэгдэл хангамж гэвэл ямар уу? 
Ер нь манай их дээд сургуулиудад энэ ухагдахууныг юу гэж заншсан байдаг вэ?
Мягмар, 9. 2009 Могой сарын
Вояж ажиллагаа бол нарны аймгийн системийг судлах өнөөг хүртэлх хамгийн амжилттай ажиллагаанд тооцогддог. Вояж 2-г вояж 1-с 16 өдрийн өмнө 1977 оны 8 сарын 20-нд хөөргөжээ. Вояж 1 ба 2 нь Бархасбадь ба Санчир гаригууд дээр очиж тэдгээрийн сарнуудын хамт нарийвчлан судалсан ба Вояж 2 нь цааш Тэнгэрийн ван, Далайн ван гаригууд дээр айлчлан очиж сарнуудынх нь хамт нарийвчлан судалжээ. Вояж 1 харин цааш өөр замаар явсан ба зургаас замыг харж болно. 
Вояж 2 нь 22 шинэ сарыг нээсэн ба одоо ч дэлхий рүү өгөгдөл илгээсээр байгаа билээ. Одоогийн байдлаар хоёр хөлөг хоёул асуудалгүй ажилласаар байгаа бөгөөд дэлхий өгөгдөл дамжуулсаар байгаа билээ. Вояж 2 нь урьдчилсан байдлаар 2020 он хүртэл радио сигнал дамжуулах төхөөрөмжийн тогийг дуустал ажиллах боломжтой ба Вояж 1 нь 2015 онд нарны гэрлийн нөлөөллөөс бүрэн гарах ба цааш сүүлийн төхөөрөмжөө унтраатал 2025 хүртэл ажиллах боломжтой юм байна. 2009 оны 3 сарын 20-ны байдлаар Вояж 1 нь 16.328.000.000 км алслагдсан ч үүргээ бүрэн гүйцэтгэсээр явна.
1960 онд Michael Minovich Бархасбадь гаригийн хүчтэй таталт 1976 ба 1978 оны хооронд болох ба түүнийг ашиглан сансрын хөлгөө татуулж хурдан очих болохыг сануулсан ба 3 жилийн дараа инженер Gary Flando дараа дараагийн гаригууд руу гуядуулан очиж нэг ажиллагаагаар дээрх дөрвөн гаригийн судалж болох замыг гаргасан байна. Хүн төрөлхтөн үнэндээ 150 жилд ганц тохиолдох боломжийг алдаж болохгүй гэж үзэн 1977 онд Вояж ажиллагааг амжилттай эхлүүлж чадсан нь гайхамшигтай. За бас л герман хэл дээрх энэ киног үзвэл илүү ойлгомжтой болох бизээ. Сүүлийн үед блогтоо юм бичих зав олдохгүй болхоор видео л нэмээд байгааг болгооно уу.
Удаад үзэж болохгүй байвал эндээс татаж аваад үзэж болно.
Баасан, 5. 2009 Могой сарын
Хорьдугаар зууны хамгийн шилдэг эрдэмтэн бол физикч Алберт Эйнштэйн (Albert Einstein -г германаас нь орчуулбал - Ганц чулуу-ны Нандингэрэл гэсэн утга гарах юм уу даа  ) гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Түүний нээсэн E=mc^2 гэсэн томьёо нь харамсалтай түүнийг амьд ахуйд үхлийн томьёо хэмээн нэрлэгдэж байв. Уг нь бол дэлхий дээр өнөөг хүртэл нээгдсэн бүх томьёоны хамгийн агуу нь. (Харьцангуйн тусгай онол) Энэ томьёо атомын бөмбөг яаж ажилладаг, дэлхий ертөнцийн үүсэл, нарны цацраг яаж үүсэж буй бүгдийг хэлж өгдөг. Гэхдээ хөөрхий үнэндээ буруугүйг энэ кино харуулж байна лээ. Өнгөрсөн хойно нь удалгүй Энергээс буцаж масс үүсэх боломжтой хэмээн үзэж ертөнц дахины үүслийг тайлбарласан байдаг. Энэ тухай киноны төгсгөл хэсэгт өгүүлнэ. Эйнштэйн уг нь энэ томьёог практикт боломжгүй гэж үзэж байв. Тэрээр яг өнөөдрийнх шиг кернфусионоор (++) асар их энерги гаргах боломжтой боловч түүнийг задлах гэж өгөх энерги үр дүнд гарах энергээс нь давна гэж үзэж байв. Гэтэл Leo Szilárd нейтроноор ямарч энерги өгөхгүйгээр задлах боломжтойг үзүүлэв. Leo Szilárd нь германд сурч байхдаа нацистууд атомын бөмбөг хийхэд тун ойрхон очсон гэдгийг гадарлаж Гейтлар түүнийг дайндаа хэрэглэх нь тодорхой гэж айж байв. Цөмийн химийн эцэг гэгддэг Otto Khan (Lise Meitner, Fritz Straßmann-ы хамт. Энэ 2 байгаагүй бол Отто нээж чадахгүй байсан.) ураны гинжин урвалыг нээснээр Szilárd бүр сандарч эхэлсэн байна.
Энэ тухай нарийвчлан үзүүлсэн баримтат киног та бүхэндээ хүргэж байна. Зарим нэг E=mc^2 томьёог ойлгоогүй хүмүүст хэрэг болох байх. Гэхдээ харамсалтай нь герман хэл дээр. Ер нь байгалийн шинжлэх ухааныг сайн ойлгохыг хүсвэл залуус минь герман хэл үзсэн нь дээр дээ. :p
За таалан соёрхож ямар жижигхэн масс (Hiroshuma дээр хаясан бөмбөг ~0.6 гр массаас 12.5 тонн энерги гаргасан байдаг. Угаасаа с^2 шүү дээ тээ) ямар том сүйрэл авчирч байгааг харна уу.
Лхагва, 3. 2009 Могой сарын
Хүн төрөлхтөн сарнаас цааш аялж үзээгүй билээ. Бүх Apollo сансрын нислэгийн ажиллагаанд ямар нэг асуудал байнга байсан. Харин ниссэн астрономичид зөвхөн асар их азаар л амьд үлдэж байжээ. Тэр ч ортой байх. Хэзээ бат найдвартай ядаж өнөөгийн онгоцны төвшинд сансрын хөлөг хийнэ тэр үед хүмүүс сансрын эрэлд мордоцгоох биз. 
Энэ видео энэ apollo үйл ажиллагааны тухай өгүүлнэ. Харамсалтай нь герман хэл дээр шүү.
Даваа, 1. 2009 Могой сарын
2002 онд сүлжээний технологи гэсэн хичээл дээр (University RWTH-Aachen) үзүүлж байсан нэгэн видеог youtube дээр байхыг хараад холбочихлоо. Ердөө 13-хан минутын бичлэг. Хөөрхөн видео байгаа.  Манай телевизүүдийн боловсрлын хэлтэсүүд иймэрхүү зүйлсийг орчуулаад тавиад байдаг болоосой.
Баасан, 29. 2009 Луу сарын
Сая санаандгүй дэмий тэнэж яваад германы нөгөө алдарт KGB-Hack-тай холбоотой 10 минутын нэг баримтат кино маягийн юм үзэв. Герман хэл мэддэг хүмүүс Karl Koch тухай тэр бичлэгийг эндээс үзэж болно. Хэхэ харин тийм болчив доо.
Дашрамд дээрх түүхээс санаж байгаагаа сонирхуулахад 80-д оны үед Karl Koch, Markus Hess, Hans Heinrich Hübner (бас 2,3 нөхөр байдаг) зэрэг 15-18 настай ханновер хотын сурагчид pentagony-г хакдсан байдаг. Тэрээр тэд америкийн цэргийн компьютеруудаас мэдээллүүдийг хулгайлан зүүн берлинээр дамжуулан KGB-д зардаг байсан. Тэд SRI International (USA), US Army Darcom (german), Fort Bruckner Army Base (Japan) , U.S. Army 24th Infantry (Georgia), US Navy Coastal Systems Computer (USA), US Air Force (german), MIT MX Computer (USA Cambridge Massachusetts), OPTIMUS Database (USA pentagon), Air Force Systems Command (USA) ... гээд нэлээн урт жагсаалт бүхий компьютеруудыг хакдсан байдаг. Тэдгээрээс Karl Koch нь ар гэрийн хэцүү байдлын сэтгэхгүйн дарамтаас (ээж нь багад нь хавдраар нас барж, аав нь архичин болж удалгүй нас барсан гэдэг) дээр нь хак хийж хангалттай их мөнгөтэй болсон байсан тул хар тамхинд орсон гэдэг. Тэрээр аавыгаа нас барахад 100 000 DM өвлөж авсан бөгөөд түүнээсээ Atari ST компьютер авч мөн Chaos Computer Clubs-н ханновер дахь салбарыг нээжээ. Энэ Chaos Computer Clubs Hack group-ийг германд мэддэггүй хүн ховор биз. Европын хамгийн том цагаан малгайтны бүлэг. Одоо ч маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдагийг вебээс нь харахад мэдэгдэх байх. Тэдгээр нь "МЭДЛЭГ бол бүх хүмүүст ижил хүрэх боломжтой байх ёстой" гэсэн байр суурийг барьсан залуусын бүлгэм юм. Та бүхэн энэ бүлгэмээс айх хэрэггүй. Тэд хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны цагаан малгайтууд. 
Өө ярьж байсан түүхээсээ хазайгаад арилж өгч. За тэгээд эдгээр нөхдүүдийг барисан түүх нь их сонирхолтой. АНУ-гийн нэг астрономич нөхөр 75 центийн тооцооны зөрүүн дээрээс барьж авсан байдаг. Lawrence Berkeley National Laboratory-д ажиллаж байгаад ажлын байрны цомхтголд орж халагдах шахан систем администратор дээр тогтож үлдсэн Clifford Stoll гэгч аргагүй астрономич хүний ажигч нүдээр харсан юм шиг байгаам. Дараа нь энэ тухайгаа The Cuckoo’s Egg нэртэй ном болгож гаргасан нь олон улсын шилдэг гүйлгээт (best seller) ном болсон байдаг.
Тэрээр хэрэглэсэн төлбөр нь 75 цент илүү гарсныг хакер нэвтэрсэн байна гэж сэжиглэн, сар гаран АНУ болон Германы холбооныхонтой хамт оролдсоны эцэст Маркусыг барьсан байна. Барихдаа нэгэн компьютераас их хэмжээний мэдээлэл гарч байгааг шинжлэн маш том хэмжээтэй файлыг олж хэмжээг нь ихэсгэн удаан татуулсан байгаа юм. Тэгээд америкийн холбооныхон Атлантын зүгээс татаж байгааг мэдээд герман руу оруулаад алдчихаад байж. Учир нь АНУ-н холбоо хэдийнэ тоон холболттой, харин германчууд маань хөөрхий аналог холболттой байсан байгаа юм. Ингээд аналог холболтоор мөрдөх тусгай төхөөрөмж угсарч АНУ-д 2 секундэд барьдаг мэдээллийг 20 минутад барьж ханновер хотоос хандаж байгааг илрүүлэн Маркусын гэрийг нэгжсэн байдаг. Гэвч Маркус шоронд ороогүй. Учир нь мөрдөгчид маань өөрсдөө хууль бус үйлдлээр барьсан гэж нотлогдсон тул. 
Карл Кохын хувьд тэрээр хар тамхинд гүн орж мөн чернобилийн станц дэлбэрснээс сэтгэлгээний цочролд орсон байдаг. (oросууд атомын бөмбөг хаявал яана гэж хэхэ :p гэхдээ яг үнэндээ чернобилийг дэлбэрэхээс өмнө хашир өөрөө цахилгаан станцын компьтер руу нэвтэрч байсан тул)
Тиймээс мөн KGB-с холбоогоо тасалж харин хар тамхинд нь мөнгө хэрэгтэй байсан юм байгаа биз 10 000 DM-r сурвалжлагчийн камерын хараанд одоо миний энэ байгаа хотын хажууд орших Jülich-н физикийн хүрээлэнгийн цөмийн төхөөрөмжийн лабораторын компьютерт нэвтэрч үзүүлж мөн террорын эсрэг баримтуудыг цагдаагийн газрын компьютераас авч үзүүлсэн байдаг.
Ингээд удалгүй 23 насандаа өөрийгөө шатааж амиа хорлосон ба үхлийг нь өөрөө өөрийгөө шийтгэн амиа егүүтгэсэн гэж үздэг. KGB-н дарамт байсан ч гэсэн хардлага бас байдаг. Бусад нөхөд нь одоо харин хакер биш болоод амьд сэрүүн явдаг. Карл Кохын амьдралаас сэдэвлэсэн " 23. Nichts Ist So Wie Es Scheint" хэмээх кино-г 1998 онд бүтээсэн байдаг.
За нэг иймэрхүү түүх болсон байдаг гэснээс пентоган маань хамгаалалт муу байдаг юмуу золиг хэдхэн жилийн өмнө германы karlsruhe билүү Darmstadt их сургуулийн лаборатороос мөн сансрын хиймэл дагуулын программаа (мэдээж арай бүрэн биш байх л даа) алдлаа гээд шуугиулаад авсан нь швед зүгээс тэр компьютерүүдыг ашигласан болоод сураг тасрах шиг болсон. Барьсан байдаг юм болов уу үгүй юм болов уу бүү мэд дээ. Барьсан гэж лав би сонсоогүй.
Харин сонирхуулахад би 2004 онд сургуулийнхаа (RWTH-Aachen) лабораторт хичээлээ хийж сууж байгаад, хак хийж суусан нөхрийн хомрогонд орж баригдах шахаж байв. Том үүргэвч үүрсэн, яг оюутан маягийн хоёр гурван нөхөр орж ирээд, за сайн уу анд минь юу хийж байна даа гэж мэндлээд л, хоёр гарыг нь атгаж дискээ хөтлөгчөөс нь авах завдал өгөлгүй хойш нь чирч компьютераас нь холдуулаад, үйлдэл дээр нь бариад авдаг юм байна лээ шүү. Тэгээд лабораторыг түгжин, сууж байсан хэдэн нөхдийг юу хийж суугааг харчихаад, асууж байцаагаад явуулсан. Харин тэр лаборатор 7 хоногийн турш түгжээтэй байж байгаад дараа нь нээгдсэн чинь нөгөө хашрын сууж байсан компьютер байхгүй болсон байсан бөгөөд нөгөө анд маань ч 7 дахь үйлдэл дээрээ баригдсан нь тэр байсан даа хөөрхий.
Нэмэлт
Нээрээ KGB Hack-ын яаж хакердсан аргыг товч дурдая гэж бодож байгаад мартчихаж. Хаширууд холбооны шугамаар компьютер руу нэвтрэхдээ ямар нэг ажилчны нууц үгийг олж ороод (social engineering-р) Emacs-н нэг бүрэлдэхүүн болох movemail програмын согог (bug) ашиглан одоогийнхоор бол Rootkit маягийн юм хийгээд тоглодог байсан байгаа юм. movemail нь /var/spool/mail сангаас /home дахь хэрэглэгчийн лавлах руу мэйлыг нь зөөдөг жижигхэн програм юм. Энэ нь POP3 протоколл ашигладаг болсныхоо дараа root эрхээр ажилладаг болгож тохируулагдсан байдаг тул манай нөхдүүд нэвтэрсэн компьютер дээрээсээ дурын файл уншиж бас бичиж чадна гэсэн үг.
Тэдний дотолгоонуудын ихэнх нь ер нь системийн буруу тохиргоог ашигласан байдаг гэдэг.
Манай системийн админ залуус тохиргоон дээрээ анхаараарай даа.
Бямба, 16. 2009 Луу сарын
Javascript бол миний бичих хамгийн дургүй скрипт хэл. Яагаад гэдгийг нь энэ скрипттэй эсвэл ajax-тай ноцолдож байсан хүмүүс сайн мэдэж байгаа байх. Гэвч хичнээн зугтаасан ч энэ бичих хэрэг гарчих юм даа. Кирилл гар байхгүй тохиолдолд Болор толийн оруулах талбар дээр кириллээр бичдэг боломжтой болгоод өгөөч гэж гадаад, монгол нийлсэн 10 гаруй имэйл ирсэн тул өнөөдөр дор нь хийчье гэж бодоод суутал хөөрхий нэлээн цаг авчихлаа. ( www.bolor-toli.com дээр хийгээд суурилуулчихсан байгаа)
Түүчээний байрлалыг textarea дээр авахдаа дараах кодыг нэлээн удаан сууж байж бичив.
field нь document.getElementById -р авсан textarea юмуу Input text объект.
function processCursor() {
if (document.selection) { // IE...
field.focus();
var sel = document.selection.createRange();
sel.collapse();
var selBefore = sel.duplicate();
var selAfter = sel.duplicate();
sel.moveToElementText(field);
selBefore.setEndPoint('StartToStart',sel);
selAfter.setEndPoint('EndToEnd',sel);
startPos = selBefore.text.length;
endPos = field.value.length - selAfter.text.length;
textBefore = selBefore.text;
textAfter = selAfter.text;
} else { //FF, etc... others are not handled
if (field.selectionStart < field.textLength) {
startPos = field.selectionStart;
endPos = field.selectionEnd;
textBefore = field.value.substring(0,startPos);
textAfter = field.value.substring(endPos);
} else {
startPos = field.selectionEnd;
endPos = field.selectionEnd;
textBefore = field.value;
textAfter = '';
}
}
}
дээрх функц нь түүчээний байрлалыг авч доторхи бичвэрийг өмнөх болон ардахаар нь 2 хуваачихаж байгаа юм.
Гэтэл энэ нь IE7 дээр лав input box-ын хувьд ажилладаггүй. Алдаа нь Invalid argument selBefore.setEndPoint('StartToStart',sel); агуулж байгаа мөрөн дээр байлаа. Гэтэл энэ нь байх үндэсгүй ба харин өмнөх мөр болох sel.moveToElementText(field); сэжигтэй санагдлаа. IE угаасаа алдааны мөрийг ихэнхдээ буруу тодорхойлдог муу програм. За ингээд сэжиг маань батлагдаж энэ мөрийг тайлбар болгоод үзтэл ажиллаж байв. Гэвч буруу ажиллах нь тодорхой. Ингээд нэлээн сууж байж дээр функцыг
function processCursor() {
if (document.selection) { // IE...
field.focus();
var sel = document.selection.createRange();
var selLength = document.selection.createRange().text.length;
sel.moveStart ('character', -field.value.length);
startPos = sel.text.length- selLength;
endPos = sel.text.length;
textBefore = field.value.substring(0,startPos);
textAfter = field.value.substring(endPos);
} else { //FF, etc...
if (field.selectionStart < field.textLength) {
startPos = field.selectionStart;
endPos = field.selectionEnd;
textBefore = field.value.substring(0,startPos);
textAfter = field.value.substring(endPos);
} else {
startPos = field.selectionEnd;
endPos = field.selectionEnd;
textBefore = field.value;
textAfter = '';
}
}
}
болгон өөрчилж Input text болон textarea 2 хоёулан дээр нь ажилладаг болголоо. Энэ асуудлын талаар Гүүглээр нэлээн хайгаад олоогүй тул блогтоо оруулчихлаа. Хэн нэгэнд хэрэг болж юуны магад.
Баасан, 15. 2009 Луу сарын
Сүүлийн үед ОпенОфис.орг-ийн тухай таагүй мэдээлэл чих дэлсэж зарим нэг нөхөд намайг нэг дуугарсан нь дээр хэмээн зөвлөсөний үндсэн дээр энэхүү энэхүү заваан бичлэгийг блогтоо орууллаа.
Монголын зарим нэг мэдээллийн хэрэгслүүд жишээлбэл нийслэл таймс сонин дээр ийм мэдээлэл гарчээ. Энэ нь иймэрхүү мэдээллийн анхных нь ч биш. Өмнө нь өөр сонин дээр бас нэг учир нь ойлгогдохгүй иймэрхүү юм харагдаж байсан. Ийм утга учиргүй мэдээлэл оруулдаг сонины сэтгүүлчид ба ийм мэдээлэл барьж гүйдэг Numberone -ийхон мэтийн хүмүүс юу болж байна. Ичих нүүр алга уу та бүхэнд?
Энэ мэдээллийнх нь дагуу Numberone холбооны вэб хуудас руу нь орлоо. Гэтэл бидний хийсэн монгол опенофис.орг руу заасан холбоосоос өөр юм алга. Дээр нь энэ холбооныхон гэдэг нь улс төрийн тоглоомын утсан хүүхэлдэйнүүд болох нь вэбээс нь илт байлаа.
Яаж ОпенОфис.оргийг монголчилсон явц, протоколл ч харин азаар миний энэ блог дээр яруу тод байгаа даа. Энэхүү нөр их ажлыг хийсэн хэсэг нөхөд бол http://mn.openoffice.org/dev/team.html нар шүү! Тиймээс та бүхэн жинхэнэ хийсэн эздийнх нь сайтаас татаж авч хэрэглэж, тэдэнтэй холбоотой байдаг юм шүү. Энэхүү програмын тусламжийн хэсгийг орчуулах гэж цөөхүүлээ үйлээ үзэж байхад дээрх мэт балиар нөхдүүд нэрмээс болж байдаг.
Залуус минь та бүхэн ч Numberone гэх мэт ийм заваан луйварчин шинжийн улс төрийн холбоодоос холуур байдаг юм шүү.
Тэд юу ч хийж чадахгүй. Зүгээр л нийгэмд хэргээр худлаа, буруу мэдээлэл цацаж хор гай л тарьж явдаг.
Ер нь сүүлийн үед монгол ОпенОфис.оргийг өөрсдөө хийсэн гэж тоохгүй яриад явж байгаа нөхдүүд олширлоо. Нэг вариац сайт ажиллуулдаг залуу хүртэл би хийсэн юм гээд яриад явж байх жишээтэй. Саяхан зарим нэг нь бүр та нарын ард Ерөнхийлөгч Энхбаяр байдаг гэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн гээд асууж байхын.
Ерөнхийлөгч та эсвэл түүнийг тойрон хүрээлэгчид та бүхэн одоо биднийг доромжилоод байна уу? Монголд оюуны өмчийн хулгай хамаагүй бол энэ бүтээгдэхүүний хувьд олон улсад хамаатай бүтээгдэхүүн шүү. Бид та нарын сурталчилгаа биш. Сонгуулийн сурталчилгаа гэдэг юм дандаа л 100% худлаа байсан байсаар л байх юм даа.
Ер нь энэ жилийн ерөнхийлөгчийн сонгууль надаар яасан их даажигнаж байна вэ? Нөгөө Элбэгдоржийн сурталчилгааг Болор толь дээрээ тавиад өг гэсэн хүсэлт ирсэн боловч би дургүйцлээ илэрхийлж хариу өгөөгүй. Ер нь би энэ 2 нэр дэвшигчийг хоёуланг нь хувь хүнийхээ хувьд ч хэн нэгнээсээ дээрдээд байх юмгүй муу хүмүүс, улс төрчийнхөө хувьд ч чадваргүй луйварчид гэж үнэлээд аль алиныг нь ч дэмждэггүй. Хоёулаа л мундаг амьтад болоод худлаа том амлаад. Гэтэл энэ хоёр хүн 15 жилийн турш монголын төрийн өндөрлөг хавиар л явлаа. Өнөөдөр худлаа амлаад байгаа зүйлсээ битгий хэл монгол улсыг нөгөө хөгжилт бар улс болгочихвол ч болгохоор л хугацаа, эрх мэдэл. Гэтэл улс монголыг маань яаж тартагтаг нь тултал доройтуулав. Нүдэнд ил харагдаж л байна шүү дээ. Тиймээс эднээс надад хараад найдаад байх юм алга. Аль нь ч гарсан надад хамаа алга. Харин аль нэг нь гарч монгол улс маань л цааш хохирсоор байх нь тодорхой болсонд харамсаж байна. Үүнийг тодорхой болгосон энэ хоёрыг дэвшүүлсэн 2 намынх нь ч байж байгаа царай энэ. Тэрийг нь сурталчилж яваа алиа салбадайнууд нь Numberone гэх мэт байгууллагууд чааваас.
За тэднийг нийгэмд буруу ойлголт түгээж эхлэхээс нь өмнө бид мөн хийсэн зүйлсээ хамгаалж тэмцэх болноо. Цаашид монгол ОпенОфис.орг-ын тухай мэдээлэл цацах болбол заавал бидэнтэй dev (at) mn.openoffice.org хаягаар мэйл ирүүлж, мөн монгол опэнофис.орг логотой линк сайтдаа байрлуулах болбол бидэнд мэдэгдэж байхыг сануулъя. Энэ тухай mn.openoffice.org вэб сайт дээр тавигдана. Энэхүү дүрэм нь герман болон бусад олон улсын багуудын хувьд мөрдөгддөг дүрэм болно.
Даваа, 11. 2009 Луу сарын
Хөөх аль 2000 онд хийж байсан http://badaa.mngl.net/ түүн дотроо http://badaa.mngl.net/convert/con2uni.htm хуудас тийм их хэрэгцээтэй байдаг гэдэгт итгэж чадахгүй нь.  Үндсэндээ 2003 оноос хойш гар хүрээгүй их л хуучирсан байх ёстой доо.
Гэтэл энэ хуудас маань миний блог руу орж ирсэн заалтуудаас unknown, google.com, google.mn, live.com дараа хамгийн олон зочид дамжиж орж ирсэн хаяг болсон байх юм. Мөн болор толь руу ч олон хүн үүгээр дамжин орж иржээ. Энэхүү хуудсанд байгаа мэдээлэл хэр хэрэгцээтэй гэж та бүхэн бодож байна? Хэрэв маш хэрэгцээтэй гэж үзвэл нэг завандаа нэг шинэчилдэг ч юм билүү...
Болор толийн хувьд олон нийтийн хүртээл болсноосоо хойш 5 гаруй сар болж байгаа боловч, дундажаар өдөрт 8000-9000 хайлт хийгддэг хэрэгцээтэй сайт болж, 4 хоногийн өмнө 11 000 гаруй хайлт нэг өдөр хийгдэж дээд амжилт тогтоов. 
Ихэнх хэрэглэгчид монголоос орж байгаа тул энэ жилдээ багтаж монголд нэмэлт нэг сервер олж тавьж хурдыг нэмэх санаатай байна. Иймэрхүү техникийн сайжруулалтын хажуугаар програмчлалын хувьд ч хайлтын хурдыг ахиад 2-3 дахин нэмэгдүүлэх нөөц боломж бол бий. Зав л жаахан тааруу байна даа...
Блог руугаа орж ирсэн зочиндоо хаяа оюуны бэлэг барьчих юмсан гэж бодоод сүүлийн үед програмчлалын техник, оновчлолын талаар блогтоо түлхүү оруулах юмсан гэж сэтгэх боловч юм бичнэ чинь л асар их цаг ордог хэцүү ажил юм байна шүү дээ.
За 2003 онд Соёмбо үйлдлийн систем гээч зүйл гаргах гэж ганцаараа нэлээн үйлээ үзэж байж нэг бета хувилбар гэгч зүйл гаргаад орхисоныг та бүхнээс зарим нэг нь санаж байгаа байх. Сүүлийн үед дахин сэргээж хөгжүүлэхээр зориг шулуудан дайрч оров. Гэхдээ энэ удаад соёмбо системийн талаар бус тухайн үед ноцолдож байсны хувьд санаанд үлдсэн линүкс үйлдлийн системийн архитектурын талаар цухас дурдая гэж бодоод энэ бичлэгийг үүсгэв.
ГНУ/Линүкс үйлдийн системийн архитектурыг маш ерөнхий авч үзье. Линүкс үйлдлийн системийн гол хэсэг нь Линүс Торвалдсын бүтээсэн Линүкс цөм юм. Энэхүү цөм нь техник хангамжууд жишээлбэл санах ой, төв процессор (процессорын төлөвлөгчөөр), КД хөтлөгч болон бусад гадаад төхөөрөмжүүд рүү хандах холбоос болж өгдөг. Бүрхүүл буюу shell нь хэрэглэгчдийг цөмтэй холбох гүүр болж өгдөг. Өөрөөр хэлбэл бүрхүүл нь хэрэглэгчийн өгсөн тушаалуудыг хүлээж авч зохих үйлдлийг (жишээлбэл програмыг ачаалах ажиллуулах) гүйцэтгэдэг. За тэгээд эцэст нь хэрэглээний програмууд нийлж энэхүү цогц үйлдлийн системийг бүрдүүлнэ. Цонхны удирдлагын системүүд, вэб хөтөч, програмчлалын хэл хэрэгслүүдгүйгээр үйлдлийн системийг төсөөлөх аргагүй. Тиймээс зүгээр л линүкс үйлдлийн систем бус ГНУ линүкс үйлдлийн систем хэмээн нэрийдэх нь зүйтэй бөлгөө.

Линүксийн цөмд бүх техник хэрэгслүүдийн драйверууд агуулагддаг. За тэгээд цааш нь жаахан лавшруулаад авч үзвэл:

Үндсэнд нь энэ үйлдийн системийг програм хангамжийн хоёр орон зайд авч үзэх боломжтой.
1.Хэрэглэгчийн програмууд болон бусад програмын хэрэгслүүд (бүрхүүлийг оруулаад)
2.Үйлдлийн системийн цөм ба түүнд хамаарах бүрдэл хэсгүүд
Эхний орон зайн хувьд хэрэглэгчийн програм буюу процесс бүр харилцан хамааралгүй хувийн (ямар нэг процесстэй хамтран эзэмшихгүй) санах ойн хаяглалттай байдаг. Харин цөм нь өөрийн гэсэн тусдаа санах ойн хаяглалттай бөгөөд үүнийг цөмийн бусад бүрдэл хэсгүүд хамтран эзэмшдэг. Тиймээс цөмийн ямар нэг бүрдэл хэсэг санах ойн буруу заалтууд үүсгээд орооцолдож эхэлбэл “Kernel panic” гэсэн мэдээ илгээгээд цөм тэр чигээрээ гацдаг. Та линүкс дээр ямар нэг техникийн драйвер хийгээд ачаалагдах боломжтой модуль руу ачаалсны дараа туршилт хийж үзэж байсан бол энэ Kernel panic мэдээг сайн мэдэж байгаа байх. Хэрвээ анхныхаа оролдлогоор огт алдаагүй бичиж чадсан тийм мундаг биш бол шүү дээ. 
Дээрх зурагт байгаа цөмийн хамгийн доод төвшинд “Архитектураас хамааралтай кодууд” ямар учиртай юм бол гэж та бодож байж болох юм. Энэ нь процессорын бүл (MMX, I386 гэх мэт) мөн техник хангамжийн зурвасууд (DMA гэх мэт. Жич. interface-ийг зурвас гэж орчууллаа.-хилийн зурвас гэдэг шиг утгаар) санах ойн зурвасууд (MMU setup), тасалдалууд гэх мэт тусгай элементүүдэд зориулагдсан кодууд болно. Энэхүү кодуудыг цөмийн эх кодны модны kernel/arch лавлах дотроос олох боломжтой.
За ингээд цааш линүкс үйдлийн системийг бүрдүүлж байгаа гол сан бол GNU C library буюу glibc юм. Энэ нь хэрэглээний програмууд зохиоход линүкс цөм рүү хандах функцүүдээр хангана. Энэ санд би монгол хэлний локалын дэмжилтийг 2002 онд билүү хийж байсан санагдана. Залхуу хүрчихлээ. Дараа зав гараад дур хөдөлбөл цааш үргэлжлүүлье.
Бямба, 2. 2009 Луу сарын
За нэг блогтоо бичлэг нэмэхгүй бол завгүй гээд яваад байвал хөтөлж эхэлсний хэрэг юу байхав. Сая хэсэг хугацаанд алга болсон сонингоосоо л хуучилъя даа.
Нутаг буцахаар шийдэн эхнэр хүүхдээ аваад 3 сарын 2-нд Буянт ухаад буулаа. Нэлээн хүйтэн байгаа гэж сэтгэлдээ бэлтгэсэн үү яасан гадаа 28 хэм хүйтэн байна гэхэд санасныг бодоход дулаан санагдав. Түүний хажууд декларац бөглүүлж тамга дарж оруулж байгаа хилийн цэргийнхэн нь үү гаалийнхан нь уу бүү мэд нөгөө л байдаг янзаараа бүр жихүүн хүйтэн байлаа. Ийм завхарсан хэрэггүй цаас бөглүүлж байдаг улс манайхаас өөр байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Зөв бөглөх ямар ч нөхцөл байхгүй. Оршин суух хаяг ч гэх шиг. Би Архангай, цогт уул гэж бөглөөд хэрүүл хийж байв. Хаягжуулалт байхгүй хэвтэж түүн дээр баахан юм болж солиорно. Гадаад хүмүүс хаана очихоо ч яаж мэдхэв дээ. Түүнийг энд уг нь тухайн хүн очих газраа очоод иргэний бүртгэлийн газар нь бүртгүүлдэг. Манайхан бол хилээр орсон л бол тэр хүн хаана юу хийж дургиж явааг нь алдчихдаг юм шиг байгаам. Тийм юм бөглүүлж аваад орсон хойно нь хаяад байвал яаж барих вэ дээ. Систем нь буруу байнаа холбогдох албаны нөхөдөө.
За ингээд маргаашаас нь эхлээд л байрны эрэлд гараад тууваа. Хэд гурван юм зээлж хамж шимсээр авч явсан хэд маань бас ч гэж доллар өссөний гайгаар/буянаар евро өсөж 60 сая төгрөг болгоод авлаа. Ингээд байрны үнэ навс унасан, хямрал болсон, бэлэн мөнгөө бариад л явахад байр шиг их юм алга гэсэн ярианд итгэн их том амьтан зайсангаас 4 өрөө байр шинэ авахаар эхэлвээ. Хэхэ юун зайсан юун 4 өрөө, юун шинэ байр хэд хоногоос дариу 3 өрөө хуучин (1990 оноос хойшхи) шинэ нь хамаагүй байр баянзүрх, төмөр зам, хан уул дүүрэгт хайж эхэллээ. Бас л үлгэр болов. Хөдөө явж эцэг эхтэйгээ золголгүй болохгүй хоёр долоо хоног шахуу болоод аймаг явлаа. Тэнд очихоор л уг нь амралт болох юм даа. Даанч хот орж орон гэртэй болохгүй бол болохгүй гэсэн бодол толгойноос гаралгүй байсаар 10 хоноод буцаж улаанбаатарт ирлээ. Хүмүүс утаа овоо байхгүй болчихлоо гэцгээж байсан боловч хоолой хорсох энүүхэнд. Нүд арай хорссонгүй. Сайн ажиглавал төв замаас (энх тайвны өргөн чөлөө) урагш арай дээр нь дээр юмаа. Бүр 3,4 -тэй харьцуулбал шал ондоо юм.
Ингээд л төв замаас урагш байрны хайлтаа үргэлжлүүллээ. Шинэ байрны 1 м2 нь аль байрлалд, ямар компани барьж байгаагаасаа хамаараад янз бүр л юм. (м2 нь 750 - 2800$ ) Мань мэтийнхэн нь бэл дөхөх нь 700-800$ тул очоод үзэхээр үнэхээр чанар муу байлаа. Ханыг гараараа шөргөөд гарвал ирмэг нь нурна. Хаалга цонхыг онгойлгож, хаагаад бариулыг нь дарахад түгжээ нь хугарна. Шал нь далий хана нь муруй энүүхэнд. Тийм байранд м2-д 800*1500 ₮ төлөөд орно гэхээр сэтгэлд нэг л таашаалгүй, тавгүй.
Гэтэл германд байр худалдаж авахад нэг иймэрхүү ханштай. Ийм байр ч л байхын.
Доллараар наймаа хийхгүй гээд хууль гаргасан л юм гэсэн. Гэтэл хаана ч очсон $-р наймаагаа ярина. МИАТ, бүх барилгын компаниуд, ер нь томхон гэсэн бүх газар нь $. Томхон гэлтгүй дэлгүүр хоршоо хувь хүмүүс ч $ л ярина. ТҮЦ л арай тэгсэнгүй. Хуулиа гаргаад мөрдүүлж чадахгүй юм бол төр нь төр ч гэхэд хаашаа юм. Хуулиа мөрдөхгүй ард түмнийгээ улс ч гэхэд хаашаа юм. Үгүй гэхэд ч хаашаа юм.
За энэ яахав зорилго бол байр... Ингээд нэгэнт авах гэж байгаа юм гайгүй гэж яригдаад буй Жигүүр гранд, Эрэл, Цаст, Орчлонгийн байрнуудыг сонирхож үзлээ. Бусдаасаа өөр нь ч өөр юмаа. Гэхдээ 80 м2 байр 120 сая төгрөгөөс яагаад ч буухгүй юмаа. За ингээд харахаар монголд байгаа хүмүүс бол асар баян болж таарлаа. Гэтэл гудамжинд ядуу, ядруу хүмүүс нь их болсон харагдаад болохгүй юм. Авч байгаа цалингуудыг нь зардалтай нь харьцуулаад үзэхээр сэтгэлд багтахгүй харьцаа. Дэлгүүрт орно герман бараа эндэхээсээ 2-3 дахин, хятад солонгос нь ч мэдээж тэндэхээсээ тийм дахин л үнэтэй байгаа. Манайх өөрсдөө ямар юм хийх биш. Дотооддоо үйлдвэрлэсэн цөөхөн хэд нь ч ялгаагүй дагаад ч тэгдэг юмуу үнэтэй л санагдсан.
Гадаадууд ихэсчээ. Шар толгойтууд нэлээн харагдавч Солонгос, Хятадууд бол алхам тутамд таарна. За би өөрөө гадаадад олон жил амьдарсан хүн тэдгээр хүмүүсийг ойлгоноо. Монгол улсад татвар төлөөд тэнд ажиллаж амьдарч байгаа нь монгол улсад оруулж буй асар их хөрөнгө оруулалт. Гэхдээ бурхан минь монгол улс минь бүртгэлээ нарийн хийгээд, татвараа бүрэн авч л чаддаг байгаасай гэж найдая.
Байрны эрэл үргэлжилсээр эхнэр бид 2 цөхрөх, удайх янзтай боллоо. Найз нөхөд хамаатан садангуудтайгаа ч уулзаж золгож амжихгүй явсаар байдаг. Сүүлдээ болилоо. Байр хөлслөөд эхнэр хүүхдээ суулгачихаад эргэж би германд ажилдаа ирлээ. Найдвартай нь дээр гэж бодоод эндэх ажлаа эргэж ирж хүлээлгэж өгнө гээд явсан юм. Оножээ. Одоо хүлээлгэж өгөх биш он гартал ажилланаа.
Монголд гэхдээ хүмүүс тийм өндөр өртгийг дийлээд амьдраад байгаа юм чинь бас болгоноо. Юунаас нь дутахав гээд үзээд байхаас. Хоёр гурван найзтайгаа нийлж програм хангамжийн чиглэлийн нэгэн компани байгуулсан. Сохрын газар нь сохор, доголонгийн газар нь доголон болоод үзэж тархаас яахав.
Уулзаж учирч чадаагүй найз нөхдөөсөө хүлцэл өчье!
Ням, 1. 2009 Үхэр сарын
За болор толь маань албан ёсоор гараад нэг сарын нүүр үзжээ. Өнөөдөр болор толь руу өдөрт 3000 доошгүй хайлт (дунджаар 3500 хайлт) хийгдэж, ихэнх орж ирсэн холбоосууд ямар нэг томоохон вэб сайт биш харин блогуудаар дамжин орж ирсэн байх юм. Мөн нийт бичлэг 440 542 -т хүрчээ. 
Нийт 319202 хандалт хийгдсэний 44000 орчим нь хайлтын машины автомат хандалт 275202 нь хүмүүсийн хандалт тэдгээрээс 14620 ялгаатай хэрэглэгч хандсан байна.
Нийт 990 гаруй сайтаас www.tesseract.mn/portal.php, болон weatherman.blog.banjig.net/post.php хаягаар дамжин орж ирсэн зочид хамгийн олон байлаа. Энэ хоёр сайтын эздэд баярлалаа!
Нийт хэрэглэгчдийн 34% монголоос 15% АНУ за тэгээд япон, солонгос, австрали, хятад, чех, германаас ихэвчлэн оржээ. Хамгийн баярлууштай нь нийт зочидын 53.86% нь мозилла/файрфокс ашигласан байв.
Хяналт засварын ажил нилээн удаан явагдаж байна. Хайлтын аргачлалыг би энэ хугацаанд мөн сольсон бөгөөд одоо арай хурдан үр дүнг нийлүүлэхээс гадна арай илүү хамааралтай нь эхэндээ эрэмбэлэгддэг болов. Болор толины үгсийн ангилал археологи=>9, статистик ба магадлалын онол=>10, кино урлаг=>11, палеонтологи=>11, шатар=>13, цаг агаар судлал=>14, мал эмнэлгийн нэр томьёо=>14, шүлэг=>15, барилга=>15, банк санхүү=>16, домог=>17, даатгал=>17, сүм хийдийн холбогдолтой үгс=>18, нягтлан бодох бүртгэл=>19, логик=>25, бирж=>25, шашны зан үйл=>27, улстөрийн нэр томьёо=>27, газарзүй=>28, урлаг судлал=>29, радио=>30, архитектур=>33, Байгал орчин=>33, сэтгэл зүй=>35, театрын холбогдолтой үгс=>41, хэвлэлийн нэр томьёо=>42, металл боловсруулах=>56, астрономи, одон орон=>68, эм зүйн нэр томьёо=>76, авиа зүй=>77, уул уурхайн үйлдвэрлэл=>88, гүн ухааны нэр томьёо=>91, биохимийн нэр томьёо=>106, хэл шинжлэл=>109, дуу хөгжим=>112, компьютерын ухаан=>124, далай тэнгисийн нэр томьёо=>131, электроникийн нэр томьёо=>138, хэл зүй=>144, физиологийн нэр томьёо=>150, геологи=>177, санхүүгийн нэр томьёо=>225, спортын үг хэллэг=>298, математик=>314, эрдэс=>319, түүхийн холбогдолтой үгс=>347, анагаах ухааны нэр томьёо=>364, физикийн нэр томьёо=>369, цэргийн холбогдолтой үгс=>405, биологийн нэр томьёо=>486, анатомийн нэр томьёо=>582, хуулийн нэр томьёо=>665, техникийн үг хэллэг=>732, химийн нэр томьёо=>876, амьтан судлал=>970, эдийн засгийн нэр томьёо=>1106, ургамал судлал=>1310, эмнэлгийн нэр томьёо=>1490, худалдааны нэр томьёо=>10171 гэсэн байдалтай байна. Хайж байгаа үсгийг судлахад геологи уул уурхай, математик, статистик, физик, анагаах, техник, компьютерийн ухааны холбогдолтой үгс хамгийн эрэлттэй байгаа нь тогтоогдсон тул юуны өмнө эдгээр салбарын ангилалыг хийх зорилт тавигдаж байна. Мөн хайлтын машины оновчилол хийснээр хамгийн том хайлтын машинууд болох гүүгл (google.com) болон лийв (live.com) хувьд English Mongolian dictionary эсвэл Mongolian English dictionary гэсэн түлхүүр үгээр хайхад ямар ч гэсэн эхний хуудсан дээр нь гардаг болгов.
Пүрэв, 29. 2009 Хулгана сарын
За би өнөөдөр зарим хүмүүс 1 сард цагаан сараа тэмдэглэлээ 25-нд шинэлэх ёстой шүү дээ гэх мэт маргаан дуулаад гэнэт блог архиваа сөхөж үзэв. Энэ тухай ноднин бичиж байхдаа 1 сарын 26-нд битүүрч 27-нд шинэлэхээр байна гэж тогтоож байсан билээ. Гэтэл энэ жил илүү сартай жил гээд 2 сард тэмдэглэнэ гэж зурхайч Л. Тэрбиш гуай алдсан юм гэнэ. Та бүхэн тэр өдөр нь тэмдэглэнэ бизээ. (Арай тэр зарим хүмүүс миний ноднингийн бичсэнээр шинэлээгүй л байлгүй. Шинэлсэн ч илүү саргүй гэж үзвэл зөв л дөө. )
За бид 2008 оны 2 сарын 7-нд битүүрч, 2 сарын 8-нд шинэлэж байжээ. Үүнийг би зөв гэж үзсэн байгаа. Гэтэл энэ жил илүү сартай гэж үзвэл шинэ сар нь 2 сарын 25-ны 09:35 цагт мандаж байх юм. Тэгэхээр ноднинийг шинэ жил Тэрбиш гуайн зурхайгаар зөв л юм бол энэ жилиийн 25-нд битүүрч 26-нд шинэлэх нь зөв. Хэрвээ энэ жилийн 25-нд шинэлэх нь зөв юм бол ноднин бид буруу шинэлэсэн гэсэн үг бөгөөд миний таамаг ч худал болно.
Ямар ч гэсэн ноднин энэ жил 2-ийн шинэ сарын талаар шинжилэхэд Тэрбиш гуайг би буруу бодож байна гэж дүгнэлээ.
Баталгааг та бүхэн харж байгаа байх. Хүн гүжирдэхээс айсан тул ахиад нэг нягтлаад биччихье!
Ноднин 2008 онд бид шинэ сар гарч тэнгэрт сар харагдахгүй болсон өдөр буюу 2008 оны 2 сарын 7-нд битүүрч, дараа өдөр болох 2 сарын 8-нд шинэлсэн. Тэр зөв бол бид энэ жил (2009 онд) яалт ч үгүй 25-нд битүүрч 26-нд шинэлэх нь зөв. Тэр худлаа бол энэ жил Тэрбиш гуайн үзсэнээр 24-нд битүүрч 25-нд шинэлэнэ гэж үзвэл ноднин буруу шинэлжээ. Ноднингийн сар мандсан цагийн хувьд бол ноднин 11 цаг 44 минутанд шинэ сар мандсан бол энэ жил 09 цаг 35 минутанд мандана. (13 дахь сар шүү дээ!)
Гүйцээ. Манай сарны цаг тоолол холион бантан болж байгаа юм байна даа. Ирэх жил яаж тогтоохыг нь бүгдээрээ хараад энд тэмдэглээд явах л үлдэх шив дээ.
Жич: Ноднин болон энэ бичсэн тэмдэглэлд дурдсан цагуудыг ойлгомжтой байлгах үүднээс Универсал биш монголын цагийн бүсээр тэмдэглэсэн болно.
|